Wednesday, May 15, 2013

маркетинг гэж юу

Маркетинг гэж юу вэ?


Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын боловсон хүчний асуудлыг удирдан зохицуулдаг, Санхүүгийн удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм. Зах зээл гэж юу вэ? Нарантуул захаар төсөөлөн ойлгож болно. Энэ зах зээл мөн үү гэвэл мөн. Зах зээл гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно. Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан зохицуулах боломж механизмыг судалдаг ухааныг маркетингийн удирдлага гэдэг.

Маркетингийн үндэс гэсэн хичээлээр маркетингийн үндсэн нэр томьёо ойлголтыг судалдаг бөгөөд маркетингийн удирдлага хичээлээр арай ахисан түвшний маркетингийн стратегийн томьёоллуудыг судалдаг.

Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй.  Маркетингийн иж бүрдэл гэдэг бол 4Р юм.

1. Product - Бүтээгдэхүүн /энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам, сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм. Энэ тухай зар сурталчилгааны хуулиас харж болно./

2. Price - Үнэ /Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг. Үнийг бүтээгдэхүүнээс нь салангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог. Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт, өрсөлдөөн, зардалд үндэслэн тогтдог./

3. Promotion - Идэвхжүүлэлт /Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, РR, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэ нь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент шүү гэж хэлмээр байна. /

4. Place - Хуваарилалт /Зуучлалын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биет хуваарилалт гэдэг нь (логистик, ложистик янз бүрээр хэлдэг) бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ гэдэг асуудлыг хамарна. Усан онгоцоор, агаараар, автозамаар гэх мэтчилэн. Биет бус хуваарилалт гэдэг нь хэдэн хүн зуучилж дундаас нь ашиг олж байна вэ гэдгийг хамрах болно. Бөөний худалдаачин, жижиглэн худалдаачин гэх мэт./

Маркетингийн иж бүрдэл дээрх үндсэн 4-х хольцоос бүрддэг.

Гэтэл үйлчилгээний маркетинг гэхээр 7р яригддаг. Үндсэн 4р дээр ХҮН, ОРЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн 3р нэмэгддэг. Мөн аялал жуулчлалын маркетинг дээр Partnership - хамтын ажиллагаа гэсэн Р бас нэмэгддэг.

Сүүлийн үед Packaging-сав баглаа боодол гэсэн Р-г хольцод оруулан ярих болсон ба олон улсын маркетинг дээр Рolitic- улс төр гэсэн Р мөн шинээр оруулахаар яригдаж байгаа. 

Энэ чиглэлийн доктор болон судлаачид өөр өөрийнхөөр онол зохион ярьдаг гэхэд нэг их хилсдэхгүй.

Боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын маркетинг, байгууллагын харилцааны маркетинг, дотоод маркетинг гадаад маркетинг бүр сүүлдээ ногоон маркетинг гэх мэтчилэн ярьж маркетинггүй зүйл байхгүй болсон.

Маркетинг бол харьцангуй залуу онол.

Үүний баталгаа бол маркетингийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг Ф.Котлер одоо амьдаар барахгүй түүний маркетингийн удирдлага хэмээх ном нь хамгийн олон удаа хэвлэгдсэн бест селлер номоор тодроод байна. Америкад 3 котлерийн холбоо гэж байдаг. Түүний сайтаар та бүхэн орж сонирхож болох юм.

Маркетингийг зарим хүмүүс шүүмжилдэг. Хэт хүний материаллаг сонирхлыг дэвэргэдэг, хэрэггүй хэрэгцээг бий болгодог гэх мэтээр. Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй цацаж, дуусгахын төлөө тэмцдэг гэж. Энэ нь нэг талаар үнэн. Гэвч маркетингийн ачаар бид өөртөө тохирсон тохиромжтой, хэрэглэхэд хялбар, өрсөлдөхүйц барааг цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэн сонголттойгоор авах боломжтой болж байна. Маркетингийн ачаар амьдралын чанар сайжирч байна гэж ойлгож болно. Би чанартай үнэ хямдтай барааг авах боломжтой болно гэж хэлэхгүй байгаагийн учир нь энэ нь тийм нийтлэг шаардлага биш юм. Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг.

1. Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монгол хэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ёстой. Энд стандартчилалын тухай яригддаг. ISO 9000,9001 гэх мэт /

2. Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3 кноп дарсанаас 1-г дарсан нь дээр гэх мэт. Энэ нь хүний төрөлхийн шинж чанар./

3. Өрсөлдөхүйц байх. /Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэг юм уу./

Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг.